Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

ГОЛ МӨРНИЙ УСНЫ ГОРИМЫН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

(2026 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар)

Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин 6 дугаар сарын 14-ны өдөр 55 см, Үүр голын усны түвшин 15, 16-ны өдрүүдэд хоногт 20-35 см нэмэгдээд аажим буурсан бол Дэлгэрмөрөн, Эг, Шишхэд, Бүгсий зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл 2-5 см байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-80 см ахиу харин Эг, Бүгсий голын хувьд 5-25 см бага устай байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см бага харин Идэр голын уртын дагууд 2025 оны мөн үеийнхээс 10-25 см ахиу устай байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан хэдий ч арав хоногийн сүүлээр хоногт 5-35 см нэмэгдсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхээс 5-40 см бага байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн эхээр аажим буураад хугацааны дундаас хоногт 5-15 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-45 см ахиу байна.

Харин Орхон голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-60 см бага байна.

Номхон далайн ай савын гол мөрөн, нуур

Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-40 см нэмэгдсэн бол Хэрлэн голын адаг болон Их Хянганы уулсаас эхтэй Халх голын дагууд хугацааны турш усны түвшин аажим буурсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг 2025 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-30 см бага байгаа бол Балж, Онон /Биндэр сум/, Халх, Улз голын дагууд 10-35 см ахиу устай байсан байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Булган, Буянт, Сагсай, Согоог, Харбут, Чигэртэй, Турган, Бодонч, Үенч, Дундцэнхэр, Долооннуур, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-70 см бага харин Ховд, Буянт, Согоог, Турган зэрэг голуудын хувьд 10-65 см ахиу түвшинд байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан , Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-70 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дандаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-25 см ахиу харин Хархираа, Хариг голын хувьд 5-10 см бага түвшинд байна.

         Зургаадугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.