2024 оны үерлэсэн голууд болон хохирлын мэдээ

Үер бол хүний амь нас, эд хөрөнгөнд хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшгуудын нэг юм. Аадар борооны үер гэнэтийн бөгөөд хүчтэйгээр үүсдэг тул амь насанд хамгийн аюултай, сүйтгэл ихтэй байдаг. Цасны хайлалтаас үүсэх шар усны үер харьцангуй удаан үүсдэг ч их хэмжээний цас хурдан хайлснаар гол мөрөн, дэд бүтцийг даван гарч, ноцтой хохирол учруулж болдог. Үргэлжлэн удаан хугацаанд орсон борооны үер нь гол мөрөн халих үед үүсдэг ба томоохон талбайг хамарч, хор хохирол ихтэй байдаг. Эдгээр үерүүд өөр өөр шинж чанартай боловч урьдчилан сэрэмжлүүлэг, хамгаалалт бэлтгэлгүй тохиолдолд хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой эрсдэл учруулах үр дүнтэй байна.

Монгол орноор дунджилсан 2024 оны жилийн нийлбэр хур тунадас 280.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 6 дахь ахиу хур тунадастай жил болсон. Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтаар Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Тамир зэрэг томоохон голын ай сав орчмоор 404.7-618.6 мм, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, тал хээрийн болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 300.7-396.1 мм, Алтайн нуруу, бусад нутгаар 100-296 мм, Ханхөхийн нуруу, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 50-100 мм, Говь-Алтайн Тоорой, Ажбогд орчмоор 23.5-43.8 мм орсон байна. Жилийн нийлбэр тунадасны хамгийн их утга нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд 618.6 мм тунадас оржээ.

2024 оны 6, 7, 8 сард нутгийн төв болон зүүн хэсгээр орсон түр зуурын болон үргэлжилсэн борооноос шалтгаалан тухайн газар нутгаар урсан өнгөрөх гол мөрөн үерлэж үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн болно. Жишээлбэл: Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Улиастай,Сөгнөгөр, Сэлбэ, Ерөө, Хүдэр, Хараа болон ар нурууны зүүн хажуугаас усжих Барх, Хангайн уулсаас эхтэй Орхон, Сэлэнгэ, Чулуут, Гичгэнэ, Онги болон Зэгстэй, Хөгшин Орхон, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг, Тэрэлж, Туул, Хэрлэн, Хурх, Эг, Онон, Балж, Улз, Таац, Үүр, Буянт, Орхон-Орхон(Сэлэнгэ) орчимд үерийн аюултай түвшинг даван тус тус үерлэсэн байна.

Хүснэгт 12024 онд үерийн болон үерийн аюултай түвшин давсан гол мөрөн

Улсын хэмжээнд 2024 он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 79 иргэн (хүүхэд 14) амь насаа алдаж, 17 иргэн (хүүхэд 7)-ийг  аварсан байна.