2021 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байгаа бол, төмсөнд цэцэглэлтээс ишний гулжийлт руу орсон. Таримал ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар ургалтын байдал сайн байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 65-115 см байна.
Газар тариалан бүхий нутгуудад 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нийт, Төвийн хойд хэсгээр дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байсан бол хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Сарын эхний хагаст хур тунадасны ахиу орох магадлалтай байна. Харин сарын сүүлий хагаст хур тунадас багатай харьцангуй таатай байхаар байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month)
Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч 5 болон 6 дугаар сард тариалан бүхий ихэнх нутгаар олон жилийн дундаас сэрүүн, 7 дугаар сард дунджийн орчим байсан нь таримал ургамлын үе шат оройтоход нөлөөлсөн.
Иймд үе шат оройтож байгаа хирээр тариа хураалтанд зарцуулах хугацаа богиносож байгааг харгалзан үзэж, цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд онцгойлон анхаарна уу.