2020-2021 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын дундаж температур Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Дархадын хотгороор 25,0-36,3 градус, Хэнтэй, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хөндий, Бор хярын элс, Бүтээл, Бүрэнгийн нуруу болон томоохон голуудын хөндийгөөр 20,0-24,9 градус, тал хээр говийн нутгаар 10,0-14,9 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөврийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 5,6-9,9 градус, бусад нутгаар 15,0-19,9 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим ба түүнээс 1,1-4,0 градусаар дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджаас хүйтэн байлаа.
Температурын хэлбэлзэл ихтэй байсан ба 2020 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт агаарын үнэмлэхүй бага температур ихэнх нутагт 30-40 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 41-50 градус, говийн нутгаар 20-29 градус хүрч хүйтэрсэн. 1 дүгээр сард хүйтний эрч бага зэрэг буурч ихэнх нутагт 20-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-44 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатайн нуруугаар 30-39 градус, баруун болон төвийн нутгийн зарим, өмнөд говиор 14-19 градус хүйтэн байлаа. 30 градусыг давж Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 51-68 хоног, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хан хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 31-50 хоног, Алтайн уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар 1-10 хоног, бусад нутгаар 11-29 хоног хүйтэрсэн байна.
Хур тунадас энэ өвөл ихэнх нутгаар 0-5 мм, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төвийн зарим, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Увсын Баруунтуруун, Ховдын Алтай, Зэрэг, Мянгад, Дуут, Говь-Алтайн Дэлгэр, Бигэр, Завханы Шилүүстэй, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Идэр, Архангайн Түвшрүүлэх, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Бүрд, Баруунбаян-Улаан, Булганы Сайхан, Дашинчилэн, Сэлэнгийн Хүдэр, Бугант(Ерөө), Цагааннуур, Баянгол, Алтанбулаг, Орхонтуул, Хэнтийн Дадал, Биндэр, Батширээт, Дорнодын Булганд 10,1-20,0 мм орсон буюу олон жилийн дундажтай харьцуулбал 90 гаруй хувьд дунджаас ахиу, 10 орчим хувьд буюу түүнээс бага орсон байна.
Цас. 2020 оны 11 дүгээр сарын эхээр цас орж, нийт нутгийн 10 гаруй хувьд буюу баруун аймгуудын зарим нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2020 оны 11 болон 12 дугаар сард орсон тунадас цасны зузаан, болон нягтыг ихэсгэж 12 сарын 31-ний байдлаар нутгийн 70 орчим хувьд цастай байсан бол 2021 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байснаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Баянтэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Булганы Тэшиг, Дашинчилэн, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Төвийн Баян-Өнжүүл, Жаргалант, Борнуур, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Дарьганга, Наран, Халзан, Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаанд 10-19 см, Төвийн ихэнх, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар 6-9 см, баруун болон төв аймгуудын зарим, говийн аймуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 0-5 см зузаан цастай. 2 дугаар сард цастай нутгийн хэмжээ говийн нутгаар багасаж, 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цасан бүрхүүлтэй болоод байна.
2020 оны 12 дугаар сарын 11, 12, 22, 23, 2021 оны 1 дүгээр сарын 4, 5, 10,11,12,13, 14, 25, 27, 29 ,31, 2 дугаар сарын 11, 13, 15, 18, 19, 20, 21, 25, 26, 27 -ны үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар 16-28 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд таагүй байлаа.
Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 420 мянга гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна.
2020-2021 оны өвөл дээрхээс бусад хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдоогүй, 12 дугаар сард ихэнх нутгаар хүйтэн, цас ихтэй байсан нь мал бэлчээрлэлтийг олон хоногоор саатуулж, өвөлжилтийг хүндрүүлж байсан. Харин 1 дүгээр сарын дундаас хүйтний эрч суларсан ч 1 дүгээр сарын 31-ний байдлаар 12 аймгийн 31 суманд цагаан зудын, 14 аймгийн 63 суманд цагаанаар зудархуу нөхцөл үүссэн өвөл боллоо.