2020 оны хөдөө аж ахуй цаг уурын нөхцөлийн тойм

      2019-2020 оны өвөл

2019-2020 оны өвөл агаарын дундаж температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуур, Дархадын хотгороор 25,0-38,5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хяргас нуурын хөндий, Бор хярын элс, Тамсагийн хоолойгоор 20,0-24,9 градус, тал хээр говийн нутгаар 10,0-14,9 градус, Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Борзон, Галбын говь, Улаан нуур, Загийн Усны хөндийгөөр 3,3-9,9 градус, бусад нутгаар 15,0-19,9 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас 1,1-6,2 градусаар дулаан, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджийн орчим, Хэнтийн Биндэрт дунджаас 1,4 градусаар хүйтэн байлаа.

               Өвлийн турш өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан ба 2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт агаарын үнэмлэхүй бага температур ихэнх нутагт 30-40 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 41-48 градус, говийн нутгаар 20-29 градус хүрч хүйтэрсэн. 1 дүгээр сард хүйтний эрс бага зэрэг буурч ихэнх нутагт 20-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-44 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруугаар 30-39 градус, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Борзонгийн говиор 14-19 градус хүйтэн байлаа. 30 градусыг давж Булнайн нуруу, Увс нуур, Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 51-75 хоног, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 31-50 хоног, Алтайн уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар 1-10 хоног, бусад нутагт 11-29 хоног хүйтэрсэн байна.

            Хур тунадас ихэнх нутгаар 0-5 мм, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Завхан, Архангай, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай,  Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 10,1-20,0 мм, Увсын Түргэн, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдад 22,0-28,0 мм орсон буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу, 30 гаруй хувьд орчим буюу түүнээс бага орсон байсан.  

            Цас. 2019 оны 11 дүгээр сарын эхээр цас орж, нийт нутгийн 30 орчим хувьд буюу баруун аймгуудын ихэнх хэсгээр тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2019 оны 11 болон 12  дугаар сард орсон тунадас цасны зузаан, болон нягтыг улам ихэсгэж 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруу, Халхголын хөндийгөөр 20 см буюу түүнээс зузаан, нягт нь 0,10-0,36 г/см3, баруун болон төв аймгуудын зарим, говийн аймуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 0-19 см зузаан цастай. 2 дугаар сард цастай нутгийн хэмжээ говийн нутгаар багасаж 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүлтэй болсон. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байснаас цас нягтарч хатуурч, мөсөн үе үүссэн.

          2019 оны 12 дугаар сарын 1, 2, 7, 26, 27, 30,  2020 оны 1 дүгээр сарын 17, 18, 20, 25, 26, 29, 2 дугаар сарын 9, 11, 12, 13, 20, 24, 28, 29 -ны үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар 16-28 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд таагүй байлаа.

            2019-2020 оны өвөл дээрхээс бусад хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдоогүй, ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байсан 8 аймгийн 36 суманд цагаан зудын, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу (1 дүгээр сарын 31-ний байдлаар) нөхцөл үүссэн өвөл боллоо.

            Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 113 мянга гаруй мал хорогдсон мэдээтэй байна.

2020 оны хавар

Агаарын температурын хаврын дундаж Алтай, Хэнтэйн өндөрлөг уулс, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхий нуруу, Хархираа, Түргэний уулс, Тэсийн голын хөндий, Дархадын хотгороор 0,0-12,7 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 5,1-10,0 градус, Ингэн Хөөврийн хоолой, Алтайн Өвөр, Галбын говиор 10,1-15,2 градус, бусад нутгаар 0,1-5,0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 1,4-6,7 градусаар дулаан байлаа.

            Энэ хавар хур тунадас  Дундговийн урд талын сумд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0,0-5,0 мм, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Төв аймгийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, зүүн аймгуудын нийт, төвийн аймгуудын хойд хэсэг, баруун аймгуудын зарим нутгаар 20,1-50,0 мм, Ховдын Мөнххайрхан, Дархан-Уулын Шарынгол, Сэлэнгийн Хүдэр, Ерөө (Бугант), Хэнтийн Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Баян-Овоо, Дорнодын Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сүхбаатарын Онгон, Мөнххаан, Түмэнцогт, Баруун-Урт сумдын нутгаар 50,1-93 мм, бусад нутгаар 10,1-20,0 мм орсон.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 40 орчим хувьд дунджаас ахиу орсон.  

            3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай 9 аймгийн 41 сум зудын, 14 аймгийн 48 суманд зудархуу нөхцөл бүрдсэн байсан бол 3 дугаар сарын дундуур нийт нутгийн 20 гаруй хувьд цастай болж  Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын зарим сумдын нутгаар 4 дүгээр сарын дундуур цас бүрэн хайлсан. 

            Бэлчээрийн ургамал 3 дугаар сарын сүүлийн арав хоногт Дархан-Уул, Өмнөговь, аймгуудын зарим нутгаар, 4 сарын эхээр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгуудын зарим нутгаар, 4 дүгээр сарын дундуур ихэнх нутгаар цухуйж эхэлсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд хэвийн, Баян-Өлгий, Завхан, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд буюу ургалт удааширалтай, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Ховд, Төв, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан. 

            2020 оны  хавар нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч салхи шуурга ихтэй, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын зарим сумдын нутгаар 4 дүгээр сарын дунд хүртэл цасан бүрхүүлтэй байсан, зарим нутгаар бэлчээрийн ургамал оройтож цухуйсан ба 5 дугаар сард ихэнх нутгаар нойтон цас орж, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан. Мөн  тариалан бүхий зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдсан.

            Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь мал маллагаа болон бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.

            УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын судалгааны хэлтэсд ирүүлсэн мэдээгээр энэ хавар нийт 800 мянга орчим мал хорогдсон байна.

2020 оны зун

Агаарын температурын дундаж ихэнх нутагт 15,1-20,0 градус, уулархаг нутгаар 1.4-15,0 градус, тал хээр, говийн нутгаар 20,1-25,0 градус, Ингэн Хөөврийн хоолой, АлтайнӨвөр, Шарга, Галба, Өөшийн говь, Онгийн талаар 25,1-28,1 градус дулаан байлаа. Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дунджаас 1,1-4,9 градусаар дулаан, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунджаас 1,1-3,1 градусаар сэрүүн байсан. 

 Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 11-30 хоног, Хэнтэйн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-10 хоног, өмнөд говиор 31-66 хоног халсан байна.

Хөрсний гадаргын температур өдөртөө 40 градусыг давж ихэнх нутгаар 50-69 хоног, томоохон голуудын хөндийгөөр 30-49 хоног, өмнөд говиор 70-92 хоног халсан байна.

Хур тунадас ихэнх нутгаар 100,1-200,0 мм, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх, Ховд, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар 7,1-50,0 мм, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар 50,1-100,0 мм, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар 200,1-300,0 мм, Хөвсгөлийн Мөрөн, Архангайн Эрдэнэмандал, Жаргалант, Булганы Бүрэгхангай, Баян-Агт, Тэшиг, Сэлэнгийн Ерөө (Бугант), Төвийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Биндэр, Норовлин, Дорнодын Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Дашбалбар, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 300,1-400,0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Хэнтийн Дадал, Өмнөдэлгэр (Гурванбаян), Дорноговийн Иххэт сумдын нутгаар 400,1-439,8 мм орсон байна. 2020 оны зун 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 30 орчим хувьд буюу Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх, Дундговь, Хөвсгөлийн зарим нутгаар дунджаас бага тунадас орсон байна.  

              Бэлчээрийн ургамал хаврын сүүлч гэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд сайн буюу ургалт хэвийн, Баян-Өлгий, Завхан, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд буюу ургалт удааширалтай, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Ховд, Төв, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан. Харин 7 дугаар сарын дундаас зуншлагын байдал сайжирч 50 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу болсон, улмаар бага багаар сайжирсаар 8 дугаар сарын сүүлч гэхэд нийт нутгийн 60 орчим хувьд сайн, 30 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Говь-Алтайн Жаргалан, Чандмань, Цээл, Бугат, Баянхонгорын Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Жинст, Баянцагаан, Баацагаан, Баянхонгор, Бууцагаан, Бөмбөгөр, Заг, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Галуут, Өвөрхангайн Богд, Баянгол, Гучин-Ус, Уянга, Зүүнбаян-Улаан, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу байсан.

            7 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр 2,1-4 ц/га, их газартаа буюу Сэлэнгийн ихэнх, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 4,1-11,8 ц/га, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар ургац тодорхойлох нөхцөл бүрдээгүй бол бусад нутагт 0,1-2 ц/га байна.

            Царцааны нягтшил 8 дугаар сарын дундуур нутгийн хойд хагаст бага зэрэг хор хөнөөлтэй буюу 1м квд-д   байсан бол оготны нягтшил Баянхонгорын хойд тал, Төвийн баруун урд талаар шигүүвтэр, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай, Төв,  Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговийн зарим нутгаар сийрэг байсан.

5 дугаар сард ихэнх нутгаар сэрүүн байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширалтай байсан ч 7 дугаар сарын дундаас эхлэн зуншлага сайжирсан. Харин Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь ихэнх нутгаар гантай байлаа. Агаарт 30 градусыг давж халсан хоногийн тоо өмнөх жилээс ихэнх нутгаар 30 хоногоор бага байлаа.

2020 оны намар

            Агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулсаар 5,0-16,1 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хан Хөхийн нуруугаар 0,0-4,9 градус хүйтэн, өмнөд говиор 5,1-10,5 градус, бусад нутгаар 0,0-50 градус дулаан байлаа. Харин олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджийн орчим, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн зарим нутгаар дунджаас 1,1-3,2 градусаар дулаан, Дорноговийн Эрдэнэд 1,5 градусаар хүйтэн байсан.

  Хур тунадас Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0,0-5,0 мм, баруун болон говийн аймгуудын нутгаар 5,1-20,0 мм, төвийн болон зүүн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим нутгаар 20,1-50,0 мм, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Увс, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 50,1-117,2 мм орсон. Олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 30 гаруй хувьд ахиу орсон.

             Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн харуулуудын хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 31-ны байдлаар ойт хээрийн бүсийн эм хонины амьдын жин дунджаар 52 кг, эм ямаа 43 кг, үнээ 355 кг, тал хээрийн бүсийн эм хонь дунджаар 57 кг, эм ямаа 43 кг, үнээ 326 кг, говийн бүсийн ямаа 52 кг жинтэй байсан.

            Энэ намар 9 дүгээр сарын дундуур болон сүүлчээр мөн 11 дүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас орж, зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.