2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

             Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 10.0-15.0 градус, Мэнэнгийн тал болон өмнөд говь, Баруун хуурайн хоолойгоор 20.1-25.0 градус, Номингийн говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 25.1-26.1 градус, бусад нутгаар 15.1-20.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим буюу дунджаас 1.1-3.2 градусаар сэрүүн, Баян-Өлгий, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-2.9 градусаар дулаан байлаа.

             Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 26-30 градус, уулархаг нутгаар 16-25 градус, Их нууруудын хотгор болон нутгийн зүүн өмнөд хэсгээр 31-35 градус дулаан, шөнөдөө Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-15 градус, бусад нутагт 6-10 градус дулаан байв. 

            Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутгаар 39-45 градус, тал хээрийн болон говийн нутгийн өмнөд хэсгээр 56-62 градус, бусад нутагт 46-55 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 6-10 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 2 градус хүйтнээс 5 градус дулаан, тал хээрийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-14 градус дулаан байлаа.

            Хур тунадас зарим нутагт 0,0-20,0 мм, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булганы ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатр, Дорнодын зарим сумдын нутгаар 20,1-50,0 мм, Увсын Цагаанхайрхан, Говь-Алтайн Төгрөг, Завханы Баянтэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хөвсгөлийн Мөрөн, Рашаант, Улаан-Уул, Түнэл, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Дорнодын Дашбалбарт 50,1-75,4 мм орсон бол Дундговь, Дорногоь, Өмнөговийн зарим, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага байсан.

           Бэлчээрийн ургамлын ургалт 8 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дундговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн Гурвантэсд муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.

            Салхины хурд зарим нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Өвөрхангайн Баян-Өндөр, Дундговийн Сайнцагаан, Өмнөговийн Ханбогдод 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд цэцэглэлтээс сүүн бололтын үе шат явагдаж байгаа бол, төмсөнд цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлд орсон ба нийт нутгаар ургалтын байдал сайн байна. Улаан буудайн өндөр өмнөх арав хоногоос 1-5 см-ээр нэмэгдсэн байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Энэ арав хоногт Өвөрхангайн Хужирт, Дархан-Уулын Орхон, Улаанбаатарын Налайх, Багануур, Хэнтийн Хэрлэнд 10,8-16,7 мм мөндөр орсон.
  • МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, мал оторлуулах, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.