Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж 2021

Одоогийн байдлаар нийт нутгийн  30 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Өндөрхангай, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Алдархаан,  Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Тэс, Шилүүстэй, Отгон, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бат-Өлзий, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хэнтийн Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Дорнодын Дашбалбар, Халхголд 10-19 см зузаан, нягт нь 0,9-0,33 г/см3 цастай байсан байна. 

Цас ихтэй байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

3 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага, зүүн аймгуудын хойд нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Сарын эхний болон дунд арав хоногт ихэнх нутгаар, сүүлчийн арав хоногт баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах мэдээ гарсан.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр дээр дурьдсан хугацаанд цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.